ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НООС, НООЛУУРЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монголын ноос ноолуурын холбооны удирдлага болон салбарын төлөөллийг 2024 оны 11-р сарын 29-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ГХЯ-ны Гадаад харилцаа, эдийн засаг, хамтын ажиллагааны газрын зөвлөх В.Энхболд, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын газрын дарга М. Дондогдорж, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Кашмир Холдинг ХХК-ийн захирал С.Мөнхжаргал, Сноу Филдс ХХК-ийн захирал Ц.Ган-Өлзий нар оролцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ олон улсын зах зээлд монгол ноолуурыг гаргахад мэргэжлийн холбоотой төр хамтран ажиллаж Монголын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консулуудаар дамжуулан олон улсын хурал, чуулган, үзэсгэлэн арга хэмжээнд оролцуулахад бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан Алт” хөдөлгөөнтэй уялдуулан Европын болон Төв Азийн орнуудад Монголын ноолууран бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах, томоохон худалдан авагч, түншүүд болон салбарын асуудлыг шийдвэрлэсэн төслийг олон улсын сантай холбох, борлуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Монголын чанар стандартын шаардлага хангасан, баталгаажсан ноос, ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, монгол ноолуурын онцлог шинж чанар, ондоошил, ялгарлыг бий болгох зорилготой Газар зүйн заалт/GI/-ыг Европын холбоонд бүртгүүлэх, Газар зүйн заалт, барааны тэмдгийн бичиг баримтыг боловсруулах, дотоод, гадаадад бүртгүүлэх, эх загвар гаргах, маркетингийн ажлын талаар болон Монголын ноос ноолуурын холбооноос хийж байгаа ажлуудын явцын талаар танилцуулж санал солилцлоо. Мөн ойрын хугацаанд салбарын компаниудын удирдлагуудтай уулзаж гадаад зах зээлийн боломжийн талаар мэдээлэл өгөхөөр болов.