Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН FASHION COTERIE ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

АНУ-ын Нью Йорк хотноо 2025 оны 9-р сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан текстилийн салбарын дээд зэрэглэлийн Fashion Coterie үзэсгэлэнд Ханбогд Кашмир, Сноу Филдс, Сор Кашмир компаниуд амжилттай оролцлоо.
Энэ удаагийн үзэсгэлэнд монгол ноолуурын нэр хүнд, үнэ цэнийг өсгөх, ондоошил, ялгарлыг харуулах, байгальд ээлтэй үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийн зарчмуудыг сурталчлан таниулах, АНУ-ын зах зээлд шинэ түншлэл, харилцаа холбоогоо бэхжүүлэх, өргөтгөх зорилгоор оролцсон бөгөөд Ханбогд Кашмир ХХК натурал өнгө давамгай, тренд загварыг,
Сноу Филдс ХХК сонгодог загвар, бараан будагтай ноолуурыг, Сор Кашмер ХХК тренд загваруудыг натурал болон будагтайгаар хослуулан дэлгэж үзүүлэв.
Түүнчлэн Ханбогд Кашмир ХХК “Монголын Хаан Ширхэгт” чанарын гэрчлэх тэмдэгтэй болон тогтвортой үйлдвэрлэлийн зарчмаар үйлдвэрлэсэн ноолууран хувцас, бүтээгдэхүүнийг танилцуулан нийт бүтээгдэхүүний 80%-ийг газар дээр нь борлуулсны зэрэгцээ олон улсын 40 гаруй байгууллагатай уулзалт хийж, Америкийн хоёр, Италийн дөрвөн компанитай гэрээ байгуулсан байна.
Сноу Филдс ХХК дөрвөн шинэ харилцагчтай харилцаа тогтоосон бол, Сор Кашмир ХХК Итали, АНУ-ын таван дэлгүүрээс эхний загварын захиалга авч, захиалгын дагуу үйлдвэрлэлээ эхлүүлээд байна. Мөн шинээр 10 орчим худалдан авагчтай холбоо тогтоож, цаашдын хамтын ажиллагааны үндэс тавигдлаа.
Монгол ноолуурын үзэсгэлэнгийн талбайд дэлхийн олон орны худалдан авагчид, борлуулагчид зорьж ирсний дотор Бүгд Найрамдах Турк улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.Ахмет Язал зочлон ирсэн нь олон улсад ноолуурын үнэ цэнэ нэмэгдэж, харилцагчдад хэдийнэ танил болсныг илтгэж байв.