“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөлд хамрагдсан компаниудын удирдлагууд, сургагч багш нарын уулзалт боллоо.
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” YEPP төслийн SCORE хөтөлбөрийн хүрээнд төсөлд хамрагдаж байгаа Кашмир Холдинг ХХК, Ханбогд Кашмир ХХК, Блю Скай Кашмир ХХК, Гоёл Кашмир ХХК, Капро Доро Кашмир ХХК-ийн удирдлагууд болон үндэсний сургагч багш нарын санал солилцох уулзалт 2025 оны 7-р сарын 7-нд боллоо.
Score хөтөлбөрийн хүрээнд Модуль 1 буюу сонгогдсон компаниудын ажлын байрны хамтын ажиллагаа, аж ахуйн нэгж байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх, залуу ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын хүсэл сонирхол, ирээдүйн зорилгод нийцсэн хөдөлмөрийн харилцаан дахь боломжийг бий болгоход анхаарч ажилласныг онцоллоо.
Цаашид ноос ноолуурын салбарт анх удаа хэрэгжүүлж буй SCORE хөтөлбөрийн модуль 2 болон 3-ыг амжилттай үр дүнд хүргэхийн тулд сонгогдсон компанийн удирдлагууд онцгой анхаарч ажиллах талаар сургагч багш нар зөвлөв.
Олон улсын зөвлөхийн зөвлөмжийн дагуу үндэсний сургагч багш нар 9-р сараас бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх буюу модуль 2, хүний нөөцийг чадавхижуулах буюу модуль 3-ийг тус тус хэрэгжүүлэх бөгөөд хүний нөөцийг тогтвортой барих, чанар бүтээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллаж сайжруулалтыг тасралтгүй хийснээр жишиг загварыг Монголд бий болгох юм.


