МАЛЧИД-ХОРШООД-ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ТҮНШЛЭЛ, ЧАДАВХИЖУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон Улсын Засгийн газрын Нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилттэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банк дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Цахим хоршоо” төсөл, Монголын ноос, ноолуурын холбоо, Бөмбөгөр сумын ЗДТГ хамтран малчид, хоршоод ноолуур бэлтгэгчдийг чадавхжуулах арга хэмжээг 2025 оны 05 дугаар сарын 11, 12-нд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд, 13-ны өдөр Малчид-Хоршоод-Үйлдвэрлэгчийн түншлэлийн арга хэмжээг Баянхонгор аймгийн төвд тус тус амжилттай зохион байгууллаа.
Малчид, хоршоод ноолуур бэлтгэгчдийг чадавхжуулах арга хэмжээнд “Цахим хоршоо” төслийн зорилтот аймаг, сумд (Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Ховд аймгийн Мөст, Дарви, Архангай аймгийн Цэнхэр, Батцэнгэл)-ын малчид, хоршоод ноолуур бэлтгэгчдийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү арга хэмжээг 1) Ноолуур бэлтгэлийн чанарын шаардлага, ноолуурыг өнгө, чанараар ангилан ялгаж бэлтгэх арга, 2) Ямаа самнах технологи ажиллагаа, ямааны тавлаг байдал; 3) Ноолуур бэлтгэлийн мэргэжлийн үйлчилгээний нэгжийг зохион байгуулах боломж, давуу тал, ач холбогдол гэсэн 3 үндсэн сэдвийн хүрээнд танхимын болон талбайн /практик/ хэлбэрээр Монголын ноос, ноолуурын холбооны сургагч багш нар болон шинжээчидтэй хамтран зохион байгууллаа.
Мөн талбайн арга хэмжээний үеэр инновац шингэсэн багаж, хэрэгсэл, үүнд ямаа самнах тавцан болон самны туршилт, судалгааны ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Судалгаа хөгжлийн төвтэй хамтран хийлээ.
Түншлэлийн арга хэмжээний үр дүнд Ховд аймгийн Мөст сумын “Алтайн уулсын оргил” дундын хоршоо 4 үйлдвэртэй, Ховд аймгийн Дарви сумын “Баялаг сутайн хөгжил” хоршоо 1 үйлдвэртэй, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Өгөөж баян өлзийт гол” хоршоо 1 үйлдвэртэй, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Агуйт баянхангай” хоршоо 1 үйлдвэртэй тус тус ноолуур бэлтгэн нийлүүлэх гэрээ, хэлцэл хийж чадлаа.
Түүнчлэн малчид, хоршоодын төлөөллийг үйлдвэрийн үйл ажиллагаа, тэр дундаас түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үе шатуудтай танилцуулах арга хэмжээ зохион байгуулах, үйлдвэрүүд нь хоршоодтойгоо ажлаа дүгнэх, улмаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан тохиролцов.
Дээрх арга хэмжээнүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхитэй оролцсон нийт компани, аж ахуйн нэгжүүддээ баярласан талархасанаа илэрхийлье.


