ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ НООЛУУРЫН САЛБАРТ ХЭРЭГЖИНЭ
Өнөөдөр НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллага, БНСУ-ын Засгийн Газрын санхүүжилттэй, Монголын ноолуурын салбарт ажиллаж буй залуучуудын ур чадвар болон техник, мэргэжлийн боловсрол нэмэгдүүлэх, сургалтын байгууллагын төгсөгчдийн мэдлэгийг дээшлүүлэх, ажил олгогч, залуу ажилтны хооронд соёл ойлголтын зөрүүг арилгах, ажил олгогч, ажилтны хамтын ажиллагааг сайжруулах замаар шийдэл олж хэрэгжүүлэх зорилготой “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл нээлтээ хийлээ.
Уг төсөл нь 2024 оны 7-р сараас 2026 оны 12-р сар хүртэл хэрэгжих бөгөөд төслийн түншлэгч талуудаар Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагууд, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, сургалтын байгууллагууд болон БНСУ-ын талаас БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний агентлаг (KLES) БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн үйлчилгээний агентлаг (KEIS) нар ажиллаж ноолуур, зочлох үйлчилгээний салбарын ажил олгогчид, залуу ажилчдад чиглэн хэрэгжих юм.
Төслийн нээлтийн арга хэмжээг нээж ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли, Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, ОУХБ/БНСУ-ын хамтын ажиллагааны хөтөлбөрийн ахлах зөвлөх Хочул Шин нар нээж үг хэллээ. Түүнчлэн ГБХНХ-ын яамны хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга Ц.Баярмаа, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн үндэсний зохицуулагч М.Жавзандулам, Хөнгөн үйлдвэрийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Э.Тамир, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар төслийн танилцуулга, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн харьцуулсан судалгаа, ноолуурын салбарын залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ноолуурын салбарын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ.
Цаашид, төслийг хэрэгжүүлсэнээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлуудад дүн шинжилгээ хийж, хүний нөөцийн бодлого, бүтээмж, ажлын байрны менежментийг сайжруулах арга хэрэгслийг түгээн дэлгэрүүлж, ажил хайгчдын хэрэгцээнд суурилсан хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгож, институцын чадавхийг бэхжүүлэн Монгол улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг олноор нэмэгдүүлэх олон ажлуудыг төсөл хэрэгжих хугацаанд эдийн засгийн чухал ач холбогдол бүхий ноолуурын салбарт үе шаттайгаар хэрэгжүүлж, БНСУ-ын сайн туршлагыг нутагшуулах юм.


