ТЕКСТИЛИЙН САЛБАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБА НЬ МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР УР ЧАДВАРТАЙ, МЭРГЭШСЭН ШИНЖЭЭЧ НАРААР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨТГӨЖ БАЙНА.
Монголын ноос ноолуурын холбооны Баталгаажуулалтын албаны 14 шинжээч өнөөдөр текстилийн салбарын Баталгаажуулалтын мэргэшсэн шинжээчийн эрхийн үнэмлэх, гэрчилгээгээ гардан авлаа.
Тус холбооны баталгаажуулалтын албаны 9 шинжээч 2029 он хүртэл 4 жил баталгаажуулалтын шинжээчээр ажиллах эрхээ баталгаажуулсан бол баталгаажуулалтын алба нь хүрээгээ тэлж шинээр экспорт, импортын оёмол, нэхмэл бүтээгдэхүүний баталгаажуулалтыг хийх гэж байгаатай холбогдуулан ШУТИС-ын оёмол, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэргэжлийн 5 багш шинээр шинжээчээр ажиллана. Ингэснээр Монголын ноос ноолуурын холбооны Баталгаажуулалтын алба нь ШУТИС, Монгол Солонгосын Политехникийн коллеж, Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн болон ноос ноолуурын салбарын шилдэг, зөвлөх инженерүүдээс бүрдсэн хөндлөнгийн хараат бус 34 шинжээчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Баталгаажуулалтын мэргэшсэн шинжээчийн үнэмлэх, гэрчилгээг Стандарт хэмжил зүйн газрын стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төвийн дарга Ч.Содном, ахлах мэргэжилтэн Ч.Хатанбаатар, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар гардуулан өгч шударга, хараат бусаар мэргэжлийн ур чадвар гарган ажиллахыг хүслээ.
Баталгаажуулалтын мэргэшсэн шинжээч нь тохирлын үнэлгээний итгэмжлэлийн шалгуур, шаардлага, бүтээгдэхүүний баталгаажуулалтын схем, хууль, эрхзүйн зохицуулалтын дагуу баталгаажуулалт хийх ил тод, нээлттэй зарчмыг баримтлан аудитын тайлан бичих, үл тохирол бүртгэх, залруулах, сайжруулах зэрэг шинжээчийн ур чадварыг дээшлүүлэх, мэдлэгийг цогцоор нь эзэмшиж текстилийн салбарын чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг баталгаажуулан мэргэжлийн өндөр ур чадвартай, мэргэшсэн баг ажиллах юм.


