НООЛУУРЫН САЛБАР ДАХЬ БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО.
2025 оны 07 сарын 03-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн Газраас Цагаан Алт үндэсний хөдөлгөөний хүрээнд ноос, ноолуурын салбар дахь стандарт баталгаажуулалтын байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгийн Газар, ХХААХҮЯам, Стандарт Хэмжилзүйн Газар, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, АДАПТ төсөл, AVSF-ийн Степ Эколаб төсөл, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Тогтвортой ноос, ноолуурын эвслийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.
Арга хэмжээнд СХЗГ-ын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ч.Пүрэвдулам, Монголын ноос, ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албаны зөвлөх М.Мөнгөнбаяр, Монголын бэлчээрийн судалгааны Ногоон алт төвийн гүйцэтгэх захирал Д.Бурмаа, Тогтвортой ноос ноолуурын эвслийн Монгол дахь төлөөлөгчийн газрын зохицуулагч С.Вандандорж нар текстилийн салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг хийлээ.
Зөвлөлдөх уулзалтанд оролцогчид Монгол улс нь эдийн засгаа солонгоруулж уул уурхайн бус экспортын гол салбар болох ноолуурын салбарын эдийн засгийн өсөлт хөгжилтөнд чанар, стандартын баталгаажуулалтыг ил тод шударга явуулах, малчид, үйлдвэрлэгчдэд үүсээд байгаа баталгаажуулалтын төөрөгдөл, давхардлыг арилгах, Монгол ноолуурын үнэ цэнэ, нэр хүндийг өсгөхөд баталгаажуулалтын байгууллагууд нь үйл ажиллагаагаа нэгтгэж, үйлдвэрлэгчдэд хүндрэл учруулахгүй, ил тод, хариуцлагатай, хөндлөнгийн хараат бус хяналтыг хийж хамтран ажиллах талаар санал солилцов.
Текстилийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа баталгаажуулалтын байгууллагуудад үр дүнтэй, нэгдмэл байр суурийг бий болгох үүднээс “Санамж бичиг” байгуулж ажиллахаар боллоо.


