“МОНГОЛ УЛСЫН НООС НООЛУУР, АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНЭЭС ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫГ ХАЛАХ НЬ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ.
2025-2028 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс нийлүүлэлтийн сүлжээг ногоон, тогтвортой болгох, удаан задардаг органик бохирдуулагч химийн бодисын хэрэглээг тэглэх, хортой аюултай химийн бодисыг орлуулах шинэ бүтээгдэхүүнийг ашиглах, бүтээгдэхүүний мөшгөх тогтолцоонд ил тод байдлыг хангах, оролцогч талуудын мэдлэг, мэдээлэл, оролцоог сайжруулах, байгальд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх замаар байгаль орчны доройтлыг бууруулах зорилготой төсөл ноос ноолуур, арьс ширний салбарт хэрэгжүүлэх юм.
Төсөл эхлэх гэж байгаатай холбогдуулан төслийн зохицуулагч Т.Мягмарсүрэн болон төслийн ажилтнууд ноос ноолуурын холбооны удирдлагатай уулзаж хамтын ажиллагааны талаарх санал солилцох уулзалтыг хийлээ. Энэ үеэр ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг салбарын танилцуулга, салбарын өмнө тулгарч байгаа химийн бодисын хадгалалт, хамгаалалт, ашиглалт, аюултай хог хаягдлын устгал, хими технологийн менежмент, тойрог эдийн засгийг хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг танилцуулав.
Төслийн хүрээнд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн явцад удаан задардаг органик бохирдуулагч үүсгэж байгааг тогтоох, эдгээр сүлжээн дэх химийн бодисын ашиглалтын мэдээллийн санг бий болгох, чанарын хяналтын лабораторийн чадавхыг бий болгох, зарим аюултай химийн бодисыг орлуулах шинэлэг арга технологи, хаягдлыг багасгах жишиг загвар, чадавх сайжруулах сургалтуудыг зохион байгуулахад хамтран ажиллахаар ярилцав.


