“МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫН БОЛОН “ТЕКСТИЛИЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТЫГ ХАНГАСАН КОМПАНИУДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА.
МННХ-ны Баталгаажуулалтын албаны техникийн хорооны хурлаар орон тооны болон орон тооны бус мэргэжлийн шинжээчдийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн Эрдэнэт Кашмер ХХК-ийн бүтээгдэхүүн нь Монголын Хаан Ширхэгт нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний MNS 6809:2019, Могол Ноос ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд MNS 6926:2021 Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн гэрчилгээг тус тус олголоо.
Баталгаажуулалтын албаны хөндлөнгийн хараат бус шинжээч Монгол Улсын зөвлөх инженер С.Баяр, Б.Батцэцэг, Л.Одгэрэл, МННХ-ны баталгаажуулалтын албаны дарга Ц.Туяа, МААЭШХ-ийн эрдэмтэн доктор Б.Нарантуяа, салбарын технологич инженер А.Алтантуяа нар үнэлгээ хийж ажиллалаа.
ЭРДЭНЭТ КАШМЕР ХХК нь орон нутгаас анхдагч болж Монголын Хаан Ширхэгт чанарын гэрчилгээг авч байгаа нийгмийн хариуцлагатай, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулан ажилладаг компани юм. Тус компани нь дамжлагын хаягдлыг дахин задлаж ашиглах замаар байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлснээс гадна “Чанарын удирдлагын ISO 9001:2008” стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлээд байна.
МОГОЛ НООС ХХК нь анхан шатнаас эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх үйлдвэрлэлийн бүх дамжлагатай орон нутгийн томоохон үйлдвэрлэлийн нэг бөгөөд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн ноос, ноолууран даавуу үйлдвэрлэж бэлэн бүтээгдэхүүн болгон АНУ, БНХАУ, Япон, Европруу экспортолж байна.
Түүнчлэн ноос, ноолууран бүтээгдэхүүний хаягдал эсгүүрийн өөдсийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй гэрээ байгуулан ажиллаж жижиг бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийлгэн эргүүлэн худалдан авч бэлгийн багц болгон борлуулалтанд гаргадаг нийгмийн хариуцлагатай компани юм.


