МИКРО ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН КЛАСТЕРЫН ЗУРАГЛАЛЫН КОНФЕРЕНЦ БОЛЛОО.
МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн, Ахисан түвшний сургууль нь Харвардын Бизнесийн сургуулийн “Өрсөлдөх чадварын эдийн засаг” академик сүлжээний Ази, Номхон далайн бүсийн салбар болон TCI Азийн салбар хамтран 2025 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд “Кластерын хамтын ажиллагаа, хамтран бүтээх үнэ цэнэ” сэдвийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал болон “Кластерын зураглал” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээнд дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиуд болох Harvard University, Northeastern University (Boston), San Jose State University, CamEd Business University зэрэг сургуулийн эрдэмтэн, профессор багш нар цахим болон танхимын хэлбэрээр оролцож, мэдлэг, туршлагаа хуваалцаж байна.
Арга хэмжээнд, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын Экспортын Кластерын сүлжээ, Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Мэргэжлийн Нэгдсэн Холбоо, Монголын Жимс Жимгэний холбоо, Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний кластер болон Монголын Ингэний Сүүний кластерын удирдлага болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөллөөс хуралд оролцож мэдлэг, ур чадвараа хөгжүүлэн ажиллаж байна.
Хурлаар эдийн засгийн нэрт онолч Майкл Портерын “Үндэстнүүдийн өрсөлдөх давуу талын онол”-ын төв цөмд багтдаг. Түүний онолоор, кластер нь улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болдог. Учир нь, газарзүйн хувьд ойр байрлалтай, ижил салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгчид болон дэмжих байгууллагуудын хооронд үүсэх уялдаа холбоо, хамтын ажиллагаа болж зөвхөн эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх төдийгүй инноваци, хамтын хөгжил, өрсөлдөх чадварыг дэмжих стратегийн чухал хэрэгсэл болохыг тус хурал, сургалтын хүрээнд онцолж байна.


