ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ХАА-Н БИРЖИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч, хяналтын байцаагч, Гаалийн Төв лабораторийн шинжээчид, ХАА-н биржийн арилжааны болон бүртгэлийн мэргэжилтнүүдэд экспортод гарч буй ноос, ноолууран ширхэгт материалын ангилал, нэршил, чанар, стандартын мэдлэг олгох сургалтыг 2025 оны 6-р сарын 19-нд зохион байгууллаа.
Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Монголын ноос ноолуурын салбарын өнөөгийн байдал, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин”, МННХ-ны Баталгаажуулалтын албаны зөвлөх, ахлах аудитор М.Мөнгөнбаяр “Тохирлын үнэлгээний баталгаажуулалт”, МННХ-ны зөвлөх доктор, профессор Г.Ёндонсамбуу “Ноолуурын үйлдвэрлэлийн технологийн шат дамжлага”, ХААИС-ийн дэд профессор, PhD, МННХ-ны баталгаажуулалтын шинжээч Г.Ганбат “Ноос, ноолууран ширхэгтийн шинж чанар” сэдвээр мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулж санал солилцлоо.
Ноос, ноолуурын салбарын технологийн шат дамжлага бүрээс гарч буй /завод ноос, топс, ламаз, сэв, хялгас, богино ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, хонины ноос, угаасан ноос, самнасан ноолуур/ ширхэгтийн онцлог, шинж чанар, загвар дээж тус бүрээр дэлгэрэнгүй танилцуулж үзүүлэв. Түүнчлэн МННХ-ны дэргэдэх Текстилийн технологийн төвийн үйл ажиллагаа, салбарын нарийн зүүт самнах технологи, ээрэх технологи, тойрог эдийн засгийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар танилцуулав.
Цаашид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хяналтын байцаагч, мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, гаалийн холбогдох ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг тогтмолжуулах, ноолуурын салбарт самнасан ноолуурын техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төрийн хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, чанар, хяналтын баталгаажуулалтыг хийх талаар оролцогч талууд харилцан ярилцлаа.


