Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ХОСМОГ СУРГАЛТЫН ШИНЭ АНГИ НЭЭЛЭЭ.

Текстилийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхижуулах, цаашид хамтран хэрэгжүүлэх зорилгоор Монгол-Солонгосын Политехник коллежийн захирал Э.Түмэндэмбэрэл, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2025 оны 9-р сарын 16-ны өдөр үзэглэлээ.
Санамж бичиг байгуулснаар хөнгөн аж үйлдвэрийн салбарт мэргэжилтэй ажилтныг хамтран бэлтгэх, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу суралцагчдын сургалтын үйл ажиллагааг ажил олгогч үйлдвэр аж ахуйн газартай холбох, захиалгат болон мэргэжлийн сургалтыг зохион байгуулах, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд салбараа сурталчлах, харилцан туршлага солилцох, мэргэжилтэй хүний нөөцийг чадавхижуулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах юм.
Монголын ноос ноолуурын холбооноос 2025-2026 оны хичээлийн жилд Кашмир Холдинг ХХК, Ханбогд Кашмир ХХК, Хаан кашмир ХХК, Шинэ Шижир ХХК-ийн ноос, ноолуурын технологийн 34 ажилтныг ажлаас чөлөөлөхгүйгээр мэргэжил эзэмшүүлэх онол, практикийн хосмог сургалтын шинэ ангийг бий болгоод байна. Ингэснээр ажилтнууд орлоготой, амьдралын баталгаатай хэвээр байхын зэрэгцээ сурсан мэдлэгээ шууд ажил дээрээ туршиж цаг хугацаа хэмнэх боломжтой болох юм. Түүнчлэн ажиллахын хажуугаар сурч чадсанаар аливаа асуудлыг даван туулах чадвар, итгэл нь нэмэгдэхээс гадна ямарваа зардал, эрсдэлгүйгээр мэргэжлээ дээшлүүлэх том боломж юм. Ажил олгогчийн хувьд ажилтнаа сургахын зэрэгцээ байгууллагынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх давуу талтай.
Хосмог сургалтаар дамжуулан сургалтын байгууллага, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын түншлэл хамтын ажиллагаа сайжрах, суралцагчид шууд ажлын байр тогтвортой болж эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах зэрэг олон боломжууд бий болох юм.