Ямааны ноолуур

Ноолуур нь нарийн ширхэгтэй, нягт ихтэй боловч хөнгөн, дулаан, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн юм. Байгалийн өнгө нь цагаан, саарал, бор байдаг.

Ноолуурын чанарыг түүний нарийн чанар, цагаан өнгө, уртаар нь шинжинэ. Нарийн байх тусмаа зөөлөн болдог. Цагаан ноолуур нь цайруулах шаардлагагүй тул бага гэмтдэг мөн өнгө сайн ордог.

Ноолуурын ямаа нь эрс тэс уур амьсгалтай нутагт амьдардаг тул бүдүүн ширхэгтэй ноосоор бүрхэгдсэн байх бөгөөд түүний дотор талаар зөөлөн, нарийн үс байдаг. Дулаарах үед тэрхүү үсийг тусгай самаар самнаж авдаг нь ноолуур юм. Нэг ямаанаас 150-300 грамм л ноолуур гардаг байна. Мөн эрлийз үүлдрийн ямаанаас 1 кг хүртэл ноолуур гарах нь бий. Иймээс ноолуурын үйлдвэрлэл хязгаарлагдмал, өртөг өндөртэй тул үнэтэй бүтээгдэхүүн болно.

Монгол ноолуурын үзүүлэлт нь дунджаар 15-17 микрон голчтой 36-44 мм урттай ба энэ үзүүлэлтээрээ монгол ноолуур нь дэлхийн ноолуурын зах зээл дээр өндрөөр үнэлэгддэг.

Дэлхийн бүх ноолуурын 40-өөд хувийг Монголын ноолуур хангаж байгаа.  Монгол ямааны органик ноолуур дулаан хадгалах чанар, нарийн ширхэг, үслэгийн зөөлнөөр дэлхий дээр хамгийн чанартайд тооцогддог байна.