ДЭЛХИЙН НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛД “LOUIS VUITTON”-ТОЙ ӨРСӨЛДӨХ СУУРЬ НЬ “МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” ГЭВ

“Монгол ноолуур дэлхийд” сэдэвтэй хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт “City tower”-т боллоо. Монголын Ноос ноолуурын холбооноос зохион байгуулсан тус хэлэлцүүлгийн гол оролцогчид нь маркетерууд байв. Салбарын томоохон үйлдвэрүүдийн маркетеруудаас гадна Маркетингийн холбоо, маркетингийн чиглэлээр ажилладаг компаниудын маркетерууд оролцсон нь хэлэлцүүлгийн онцлог байсан юм. Тус хэлэлцүүлэг монгол ноолуурыг дэлхийд гаргахын тулд яах ёстой вэ гэсэн асуулт тойрч өрнөв.

Манай улс нийт ноолуурынхаа 75 гаруй хувийг Хятад руу зөвхөн угаасан байдлаар гаргаж, үлдсэн 20-иодхон хувиар нь эцсийн бүтээгдэхүүн хийдэг гэсэн статистик дуулдлаа. Нийт ноолуурын 20 хувиар хийж буй эцсийн бүтээгдэхүүнийг цамцаар жишээлбэл дотоодын үйлдвэрлэгчид жилдээ 1.6 сая ширхэг цамц үйлдвэрлэдэг аж. Харин бүх ноолуураа боловсруулж цамц хийвэл 20 сая гэсэн аварга тоо гарах гэнэ. Ноолуураа бүрэн ашиглая гэвэл үйлдвэрүүдэд түүхий эд авах эргэлтийн хөрөнгө хангалттай байх ёстой гэсэн байр суурийг олон хүн хэлж байв. Санхүүжилтийн хувьд өнгөрсөн жил 188.2 тэрбум төгрөгийн зээл томоохон аж ахуйн нэгжүүдэд очжээ. Үр дүнд нь нийт үйлдвэрлэлийн хүчин чадал 27 хувиар өсч, 1570 ажлын байр бий болсон гэж ХХААХҮЯ-ны төлөөлөл онцлов. Энэ жилийн санхүүжилт өнгөрсөн оныхоос нэмэгдэж 300 тэрбум төгрөг болжээ. Ноолуурынханд хаягласан 300 тэрбум төгрөг түрүү жилийнх шиг Хөгжлийн банкаар дамжиж үйлдвэрлэгчдэд хүрэх юм байна. Хөгжлийн банкаар дамжиж үйлдвэрлэгчдэд хүрч буй зээлийн хувьд бодлогын хүүнээс хамаараад хүү нь харьцангуй өндөр, 12 хувь гэнэ. Хүү өндөр учраас үйлдвэрүүд өндийж босох хэмжээний санхүүгийн эх үүсвэр болж чадахгүй гэсэн байр суурь ч дуулдав.

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Ноолуур бол стратегийн бүтээгдэхүүн. Дэлхийд эрэлт өндөр бүтээгдэхүүний нэг. Ноолуурын салбарынхны хувьд Итали, Англи шиг нэмүү өртөг бүтээх шаардлагатай нүүр тулаад байгаа. Итали, Английн маркетинг нь маш мундаг. Манай яамнаас өнгөрсөн жил онцгойлон анхаарч батлуулсан шийдвэр бол “Ноолуур” хөтөлбөр. Хөтөлбөрт дэлхийн хэмжээнд хүрсэн маркетингийг хэрэгжүүлэх агуулгатай заалт бий. Бүх л салбарын маркетерууд монгол ноолуурыг дэлхийд гаргахын тулд яах ёстойг хэлэлцэж байгаа нь энэ удаагийн арга хэмжээний маш том давуу онцлог. “Монголын хаан ширхэгт” гэдэг чанарыг гэрчлэх тэмдгийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Монголын хамгийн сайн чанарын ноолуурыг дэлхийд таниулж ялгарал бий болгох зорилготой том ажил байгаа юм. Монголын ноолуур Хятадын ноолуураас ялгарах ёстой. Ингэвэл бидэнд маш том давуу тал бий болно. Тэгж чадвал дэлхийн хэрэглэгчид Монголын хамгийн сайн ноолууран бүтээгдэхүүн гэж үнэлээд авч эхэлнэ. Дэлхийн ноолуурын зах зээлд италичууд хамгийн их нэмүү өртөг шингээдэг. Тэгж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өндөр үнээр зарж чадаж байна. Том жишээ нь Lou­is vuitton. Монголчуудын Louis vuitton-той өрсөлдөх суурь нь “Монголын хаан ширхэгт” чанарын тэмдэг” гэж ярилаа. Түүнээс монгол ноолуурын онцлог, давуу талыг сонирхоход “Манай улс хүйтэн сэрүүн уур амьсгалтай. Уур амьсгалын энэ онцлог ноолуурын чанарт маш сайнаар нөлөөлдөг. Манай ноолуур Хятадын ноолууртай харьцуулахад урт. Хятад ноолуур үндсэн хоёр өнгөтэй бол манайх үндсэн дөрвөн өнгөтэй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн будаг ашиглахгүйгээр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ноолуур. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүний маркетинг маань ямар байхаас бүх зүйл шалтгаална. Итали, Английн үйлдвэрлэсэн ноолуурын бүтээгдэхүүний хөгжүүлэлт хэрхэн явж байгааг судалж, тэдэнтэй өрсөлдөх маркетингийн гол бодлогыг боловсруулах эрэлт хэрэгцээ үүсээд байна” гэсэн хариу өгсөн юм.

Хөрөнгө оруулалтаа сайжруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмж чадвал монгол ноолуур дэлхийд танигдахад асуудал биш гэж маркетерууд онцолж байв. Монголын үйлдвэрлэгчид дэлхийн технологиор чанартай, дизайнлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон ч маркетинг тал дээрээ хоцрогдсон яваа гэсэн утгатай үгийг хэлэлцүүлэгт оролцсон олон хүн хэлж байлаа. Маркетинг дээр улсынхаа ялгарлыг гаргаад өгчихвөл ноолууран бүтээгдэхүүнээ ахиу үнээр экспортлох боломжтой гэсэн үг ч давтамжтай сонсогдов. Хятадын ноолууран бүтээгдэхүүнээс чанараараа ялгарч дэлхийн брэнд болох ганц арга нь “Монголын хаан ширхэгт” чанарын тэмдэг гэдэгтэй ч хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй байсныг онцолъё.

Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Монгол ноолуурын чанар онцлогийг тусгаж нэгдсэн брэндийг бий болгочихвол дэлхийн зах зээлд байр сууриа баталгаажуулах боломжтой. Гадаад зах зээлийн худалдан авагчид Өмнөд Монгол болон Монголын ноолуурын ялгааг мэддэггүй. Мөн захиалгат үйлдвэрлэл буюу харилцагчийн шошгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас монгол брэндийг таниулахад хүндрэлтэй байдаг. Монгол ноос, ноолууран бүтээгдэхүүн дэлхийн стандартад нийцсэн гэдгийг баталгаажуулчихвал монгол ноолуурын үнэ цэнэ, өрсөлдөх чадвар дээшилнэ. Ийм зорилгоор “Монголын хаан ширхэгт” тэмдгийг бий болгосон. Энэ бол монгол ноолуурын чанарын гэрчлэх тэмдэг” гэж онцоллоо. ISO 17065 гэдэг стандартыг авснаар “Монголын хаан ширхэгт” чанарын гэрчлэх тэмдгийг хэрэгжүүлэх эрхийг авах аж. Монголын ноос, ноолуурын холбоо “Хаан ширхэгт”-ийг ажил болгоход гардан ажиллаж эхэлжээ. “Хаан ширхэгт” чанарын тэмдгийг эхний ээлжинд хоёр компанид өгөхөөр болж. Уг тэмдгийг олгохын тулд компаниудаа чадавхжуулах, чанарын тэмдгээ дэлхийд таниулахаас эхлээд цөөнгүй ажил бий гэнэ. Ингэхийн тулд маркетингийн зөв бодлого хэрэгтэй байгаа аж.

Хэлэлцүүлэгт оролцсон маркетер Ц.Дөлгөөнөөс орчин цагийн хэрэглэгчдэд ямар маркетинг эрэлттэй байгааг сонирхоход “Орчин цагийн хэрэглэгчид ямар нэг бараа бүтээгдэхүүнийг сонгохдоо үнэ цэнэ, түүх, үзэл санаа, философийг нь хардаг болсон. 1500, 1800 гэсэн ялгаатай үнэтэй цэвэр ус байлаа гэж бодъё. 1800 төгрөгийн үнэтэй уснаас олсон ашгийн тодорхой хувь нь хүмүүнлэгийн үйлсэд очихоор бол арай ахиу үнэтэй ч сонгодог болсон. Тэгэхээр зүгээр нэг бүтээгдэхүүн биш үзэл, санаа, философи үнэ цэнэ шингээсэн бүтээгдэхүүн зарах ёстой. Маркетинг түүхтэй болсон. Историй тэлинг гэж цоо шинэ арга байна. Телевизийн элдэв реклам, постер, “Үүнийг аваарай” гэсэн мэссэж өгсөн гоё хувцастай моделоос илүү төрсөн нутаг, дотны хүмүүс, эгэл амьдралтай нь холбоотой түүх өгүүлсэн реклам хүмүүст илүү хүрэх болсон. “Говь” компанийн “Аав хүү хоёрын нандин харилцаа” гэсэн реклам хүмүүст хүрээд байгаа нь ийм учиртай. Хүний сэтгэлийг хөндсөн маркетингийн аргууд дэлхийд хүчтэй байгаа. Мэдээж технологийн дэвшлийг ашиглах хэрэгтэй. Сүүлийн үеийн сошиал платформуудыг анхаарах хэрэгтэй. Зөвхөн сошиал, инстаграммаар “нүдээд” дийлэхгүй байна” гэсэн хариу өглөө.

Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгохын тулд ноолуур самнахаас эхлээд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл бүх процесс хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюулгүйг нотлох ёстой гэж маркетерууд онцолж байсан юм. Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэлэлцүүлгийн үеэр “Уламжлалт мал маллагааны арга ажиллагаагаа сайн таниулах ёстой. Бид байгальд ээлтэй, хүн амьтны эрүүл мэнд, эрх ашгийг хөнддөггүй гэдгээ нотлох учиртай.Үүн дээр нэмээд хямд чанаргүй бүтээгдэхүүнээс ялгаатайгаа нотлох шаардлага бий. Ийм зөв бизнесийн загвар хийчихвэл хэрэглэгчтэй болж, санхүүжилтээ босгох нь Монголын ноолуурын салбар, үйлдвэрлэгчдэд асуудал биш. Дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж л ноолуурын тогтвортой үйлдвэрлэл бий болно” хэмээн онцолж байлаа.

“Монгол ноолуур дэлхийд” сэдэвтэй хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсээс зарим зүйлийг тодруулснаа хүргэе.

УИХ-ын гишүүн

Ж.Бат-Эрдэнэ: Ноолуурынсалбарт төрийндэмжлэг, зохицуулалт зайлшгүй хэрэгтэй

-Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгохын тулд төрөөс ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

-Монголоос гарч буй ноолуур дэлхийн нийт ноолуурын 50 орчим хувийг эзэлдэг. Ийм хэрнээ дэлхийн ноолуурт эзлэх байр суурь нь ердөө наймхан хувь. Тэгэхээр дэлхийд том тоглогч байхын тулд яах ёстой вэ гэсэн асуултыг тавихаас аргагүй. Товчхондоо бид дэлхийн худалдааны маркетинг дээр эзлэх байр сууриа алдчихаад байна. Тиймээс маркетингаа сайжруулах гарцаагүй шаардлага бий. Төр засгийн хувьд ноолуурын салбараа дэмжих зорилгоор “Монгол ноолуур” хөтөлбөр баталсан. Үйлдвэрлээ сайжруулъя, чанартаа анхааръя, гадагш таниулъя, санхүүжилтийг нь шийдье гэж байна. Үйлдвэрлэл, гадагшаа гаргах боломж бололцоонд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талд анхаарах гээд байна. Үйлдвэрлэлийг сайжруулах талд зээл, санхүүжилт өгч байгаа. Мөн ноолуур бэлтгэх талд алхам хийсэн.

-Урт хугацааны, бага хүүтэй зээлийн бодлогоор дэмжээд өгвөл ноолуурын экспорт огцом нэмэгдэнэ гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Ноолуурын салбарт төрийн дэмжлэг, зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Энэ салбарын асуудлуудыг ярихаар эцэстээ санхүүжилт дээр л очдог. Санхүүжилтийг нээх ёстой. Төр засгийн зүгээс урт хугацааны зээлд хамрагдуулах талд анхаарал хандуулж байгаа. Энэ асуудал шийдэгдэхгүй яваа учраас ярьж байгаа бүх асуудал цаасан дээр үлдэж байна. Ноолуурын салбарт яагаад гадныхан орж ирж байна вэ гэсэн асуултад хариу хайхаар мөн л санхүүжилтийн асуудал сөхөгддөг. Эргэлтийн хөрөнгөтэй багатай учраас үндэсний үйлдвэрлэгчид орон зайгаа алдаад байдаг. Компаниудаа санхүүжилтээр дэмжиж байж л энэ асуудлыг шийдэж чадна.

ШУТИС-ийн Технологийн менежмэнтийн салбарын профессор Я.Оюунтунгалаг: Түүх бүтээсэн маркетинг л монгол ноолуурыг брэнд болгоно

-Монгол ноолуурын онцлогийг дэлхийд яаж харуулбал сайн маркетинг болох вэ?

-Монгол ноолуурын гол онцлог нь газар зүйн давтагдашгүй байрлал, монголчуудын малаа маллах өвөрмөц арга барил. Өөрөөр хэлбэл бэлчээрийн, нүүдлийн мал аж ахуй. Бусдаас ялгарах юм маань энэ. Тэгэхээр маркетингаа бүтээхдээ түүхэн тал руу нь хандуулвал үр дүнд хүрнэ. Ямаагаа хэрхэн малладаг, ноолуурыг нь яаж самнаж авдаг, түүхий эдээ ямар процессоор бэлддэг гэх мэтээр ахуй амьдралтай холбоотой түүхчилсэн сурталчилгаа хийвэл дэлхийн зах зээл илүү сонирхоно.

-Бодит түүхээр сурталчилгаагаа хийвэл дэлхийн зах зээл дээр Хятадын ноолууран бүтээгдэхүүнээс ялгарахгүй байна гэсэн асуудал шийдэгдчих л юм байна…?

-Та зөв харж байна. Монгол ноолуурын хувьд Хятадын түүхий эдээс ялгарах онцлогтойгоо ингэж л харуулна. Түүхий эд нь чанар сайтай, элдэв хольцгүй, Монголын уламжлалт мал аж ахуйгаас гардаг гэдгийг харуулахын тулд салбарын маркентингийн бодлого чухал. Элдэв холиогүй, 100 хувийн ноолуур гэдгийг гэрчлэх тал дээр “Монголын хаан ширхэгт”, салбарын маркетинг ажиллана гэсэн үг. Харин бүтээгдэхүүний тухайд манай үйлдвэрүүд Говь гэх мэтээр өөр өөрийн брэндээрээ ялгарна. Цуглах ёстой малгай нь “Монголын хаан ширхэгт” чанарын тэмдэг.

АХБ-ны Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн золхицуулагч Т.Энхжаргал: “Монголын хаан ширхэгт”-ийг 33 улсын Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн

-“Монголын хаан ширхэгт” чанарын тэмдэг дэлхийн 33 орны Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн гэв үү?

-Манай төслийн хувьд долоон салбарыг хамардаг. Нэг нь ноос ноолуурын салбар байгаа юм. Азийн хөгжлийн банк 2011 оноос “Монголын хаан ширхэгт” бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг дэмжсээр ирсэн. Дэлхийн 33 улсын Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн гэдгийн тухайд 2011-2013 онд хийсэн олон ажлын нэг л дээ.

-Монгол ноолуурыг дэлхийд гаргах энэ ажилд Азийн хөгжлийн банк ямар оролцоотой ажиллаж байна вэ?

-Бид “Монголын хаан ширхэгт”-ийн түүхий эдийн стандартыг гаргасан. “Хаан ширхэгт” маань өнөөхөндөө эцсийн бэлэн бүтээгдэхүүн болж гараагүй. “Монголын хаан ширхэгт” бүтээгдэхүүнийг эцсийн байдлаар нь гаргах боломжтой 16 аж ахуйн нэгжийг сонгож ажилласан. 7-8-ыг нь хаан ширхэгт бүтээгдэхүүнийг гаргах чадвартай гэж үзэж байгаа. Манай олон улсын экспертүүд дотор ноос ноолуурын, брэнд маркетингийн, баталгаажуулалтын мэргэжилтнүүд бий. Тэд “Монголд үйлдвэрлэл хөгжүүлэхэд бүтээгдэхүүнийхээ чанарт хэт анхаарч байна. Борлуулалт маркетингийн тусгайлсан стратеги төлөвлөлт алга” гэсэн дүгнэлт хийсэн. Энэ асуудалд анхаарч зургаан аж ахуйн нэгжид үндэсний, олон улсын мэргэжилтнүүд ажиллаж брэндинг маркетингийн стратеги төлөвлөгөө гаргаад байгаа. Эцсийн үр дүнд нь Монголын хаан ширхэгт бүтээгдэхүүний эцсийн бүтээгдэхүүн гаргах өртгийн сүлжээний жишиг бий болно гэж үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй.