“Монгол улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг дэмжих тогтолцооны өөрчлөлт” хэлэлцүүлэг боллоо

Энэхүү хэлэлцүүлэг нь “Байгаль орчинд ээлтэй ноолуур”, “Тогтвортой ноолуур” үйлдвэрлэлийн чиглэлээр Монгол улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн өрнүүлж буй санал, санаачлагуудыг хөхүүлэн дэмжиж, хоорондын хамтын ажиллагааг сайжруулахын зэрэгцээ эдгээрийг Монгол Улсын Засгийн газрын “Ноолуур хөтөлбөр”-ийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зорилготой. 

Уг хэлэлцүүлэгт салбарын яамд, элчин сайдын яамд, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод болон дотоод, гадаадын брэнд үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээний байгууллага зэрэг нийт 100 гаруй хүн оролцсон юм. Оролцогчид Монгол Улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд өрнөж буй хамтын ажиллагааны механизмууд, тогтвортой үйлдвэрлэлийн нэгдсэн ойлголт болон амьтны эрхийг хэрхэн хамгаалах, талуудын ашиг сонирхолыг хэрхэн шийдвэрлэх, хамтрагч байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх тал дээр туршлага солилцон цаашид ямар арга замаар тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар хэлэлцэж Монголд тогтвортой ноолуурын платформ бий болгох тухай зөвшилцөн, өөрсдийн саналаа хэлэв.

Энэ үеэр МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Бид Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Дэлхийн стандартад нийцсэн гэдгийг нь тодорхойлж баталгаажуулж, ноолуурын үнэ цэнийг өсгөж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зорилгоор Монголын Хаан ширхэгт чанарын гэрчлэх тэмдгийг бий болгосон. Учир нь зах зээлийн эдийн засагтай, төрийн оновчтой, зөв бодлого зохицуулалттай, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж гэмээн бид тогтвортой үйлдвэрлэлийг бий болгоно” хэмээн онцлов.

Зохион байгуулагчдын зүгээс хэлэлцүүлэгт оролцогчдийн санал, зөвлөмжид үндэслэн Монгол Улсад байгаль орчинд ээлтэй ноолуурын үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг хөгжүүлэхэд бүх талуудын ойрын болон урт хугацаанд авч хэрэгжүүлэх холбоо хамаарал, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон Замын зургийн төслийг боловсруулан гаргах юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй.