МЭДЭГДЭЛ

Монгол ноолуурыг бэлтгэх үйл явцтай холбоотой Монголын нэр, нөлөө бүхий залуу үеийн төлөөлөл олон нийт, ялангуяа гадаадын улс орны иргэдэд буруу ташаа ойлголт өгөхүйц мэдээллийг цацжээ. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр “PETA Asia” сошиал хуудсанд “Дуучин Номинжин Монголд ноолуур бэлтгэхээр ямааг хэрхэн тарчлан зовоож буй тухайд сэтгэл шаналж буйгаа илэрхийллээ” нэртэй видеог түгээсэн байна. Тус видео бичлэг нь Монгол Улсын мал аж ахуйн салбар малчид, хүн ардын уламжлал болж ирсэн ямаа самнах арга ажиллагааг илтэд доромжилсон, гутаасан, буруушаасан өнгө аястай тайларлаж, монгол ноолуурын нэр хүндэд халдсан явдал боллоо гэж үзэн Монголын Ноос Ноолуурын Холбооноос дараах мэдэгдлийг гаргаж байна.

Ноолуурын салбар нь Монгол Улсын стратегийн гол салбарын хувьд, олон улсын зах зээлд танигдсан, өөрийн байр сууриа нэгэнт олж, нийгмийн хариуцлагатай, байгальд ээлтэй, малын тавлаг байдлыг хангасан үйлдвэрлэл эрхлэхийг гол зорилгоо болгон хөгжиж байгаа билээ. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь малчид, малчдын хоршоотой нягт уялдаа холбоотой хамтран аж

иллаж малын эрүүл мэнд, малын тавлаг байдлыг хангах, ноолуурын чанарыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг тогтмол хийж ирсэн болно. Цаашдаа ч энэ салбарын хөгжлийг улам түргэтгэж, монгол ноолууран бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх том зорилгын дор салбараараа идэвх зүтгэлтэй ажилласаар буй. Үүнд Монгол Улсын иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал билээ.

Гадаад зах зээлд монгол ноолуурын нэр хүнд өсч байгаа, “Монголын гуравдагч хөршийн худалдааны хууль” АНУ-н Конгресст өргөн баригдсан байгаа зэрэг түүхэн, эгзэгтэй цаг үед монгол ноолуурын салбарын нэр хүндийг унагаах, хэрэглэгчийг төөрөгдүүлэх, бодит бус мэдээллээр бусдыг уриалах зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

 

 

 

 

 

 

 

МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБОО

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй.