Ноос, ноолуурын үйлдвэрүүдийг аттестатчиллаа

Ноос, ноолуурын үйлдвэрүүдийг аттестатчиллаа

Монгол Улсын экспортын гол салбарын нэг болох ноос, ноолуурын салбарын өнөөгийн дүр төрх, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт, цаашдын ирээдүйг төлөвлөх мэргэжлийн судалгаа, аттестатчлалыг Монголын ноос, ноолуурын холбооноос амжилттай зохион байгууллаа. ХХААХҮЯ-ны захиалгаар хэрэгжүүлсэн уг ажил хоёр сарын хугацаанд үргэлжилж, давхардсан тоогоор ноос, ноолуурын 194 үйлдвэрийн үйл ажиллагааг үнэлж дүгнэжээ.

Дэлхийн ноолуурын салбарын зах зээлд Монгол Улс хамгийн том нийлүүлэгч орны тоонд зүй ёсоор багтдаг. Энэ нь Монгол Улсын хувьд экспортын хамгийн ирээдүйтэй салбар болохыг батлахын зэрэгцээ цаашид нийлүүлэгчээс үйлдвэрлэгч орон болох шаардлага зүй ёсоор тавигдаж буй. Үүний тулд дотоодын үйлдвэрлэгчдийн хүчин чадал, ололт амжилт, сул тал, төрөөс анхаарах бодлого зэргийг цогцоор нь авч үзэх шаардлага тулгараад байгааг мэргэжлийн хүмүүс онцолдог. Тэгвэл үүнд хариулт өгсөн томоохон судалгаа, зөвлөх үйлчилгээний ажлыг амжилттай хэрэгжүүлж ХХААХҮЯ-нд хүлээлгэн өгчээ.

Д.Алтанцэцэг (Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал)

Төрийн урт хугацааны оновчтой бодлогОор дэмжээд өгвөл монгол ноолуураар дэлхийг гоёход ойрхон байна

-Ноос, ноолуурын салбарт мэргэжлийн аттестатчлалыг амжилттай зохион байгуулжээ.  Та бүхэн ямар зорилго тавив, нөхцөл байдал ямар байв?

-Энэ нь ХХААХҮЯ-наас зарласан тендерт Монголын ноос ноолуурын холбоо шалгаран гүйцэтгэсэн ажил юм. Юуны өмнө онцолж хэлэх зүйл бол нэгд, судалгаа, аттестатчлалын багт мэргэжлийн хүмүүс ажилласан. Үүнд Монгол Улсын зөвлөх инженерүүд, доктор профессорууд, ШУТИС, МУИС-ийн эрдэмтэн багш нарын оролцоотой 14 хүний бүрэл­дэхүүнтэй баг ажиллалаа. Хоёрт, аттестатчлал хийсэн компани тус бүрт технологи, тоног төхөөрөмж, ажлын байрны нөхцөл, брэндинг, экспорт, тогтвортой үйлд­вэрлэлийн зарчим, ISO стандарт буюу Монголын Хаан Ширхэгт тэмдгийг эзэмшдэг эсэх зэрэг үзүүлэлтээр үнэлгээ өгч, зөвлөмж хүргүүлж байгаагаараа онцлог юм.

-Ноолуурын салбарт экспортоо дагаад үйлдвэрүүд маань сайн хөгжиж байгаа харагддаг. Судалгааны үр дүн ямар байв?

-Үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн  суурилагдсан хүчин чадал, ашиглалт, хүний нөөц, санхүү, борлуулалт, зах зээлийнөнөөгийн байдалд дүн шинжилгээ,судалгаа хийсэн.Ноолуурын салбар нь их хөрөнгө оруулалт, нарийн техник технологи,өндөр ур чадвар шаарддаг. Сүүлийн жилүүдэдэнэ салбарт гарсан хөгжил дэвшил, ололт амжилтууд  их байлаа. Тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг бий болгохоор компаниуд зорьж ажиллаж байна. Анхан шатны үйлдвэрүүд цэвэрлэх байгууламжтай болж байна. Нэг цэвэрлэх байгууламжид багадаа 800 саяас нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үйлдвэрүүд маань сүүлийн үеийн техник технологийг ихээр нэвтрүүлжээ. Үүнийгээ дагаад бүтээгдэхүүний чанар, стандартын хувьд дэвшил гарч чадсан байна. Компаниуд өөрсдийнхөө брэндингийг бий болгож хөгжүүлж байна.Кластирын системээр болон “Монголын Хаан ширхэгт” тэмдэгтийг бий болгон ажиллаж байна гээд олон сайхан ололт амжилтыг дурдаж болох юм.  Салбарт төрийн урт хугацааны оновчтой бодлого, дэмжлэгээр дэмжээд өгвөл монгол ноолуураар дэлхийг гоёход ойрхон байна. Нэн түрүүнд угаасан ноолуурын экспортыг хориглох шаардлагатай байна.

-Угаасан ноолуур экспортлодгийг хориглох юм бол дараагийн шат дамжлага болох  самнах хүчин хэр хангалттай байна вэ. Судалгаагаар гарсан уу?

-Хангалттай. Хялгас ялгахын хүчин чадал нь түүхий эдийн нөөцөөсөө давсан байна. Харин ашиглалт нь бага байгааг бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай байна.

-Тэгвэл ажлын байр хэдээр нэмэгдэнэ гэж үзэж байна?

-Зөвхөн хялгас ялгах ч бус суурилагдсан нийт хүчин чадлаа 100 хувь ашиглавал 20 мянган хүнийг тогвортой байнгын ажлын байраар хангах боломжтой. Аттестатчлалын үеэр харагдсан зүйл бол үйлдвэрүүд маань ч самнах, ээрэх, нэхэх, сүлжих, гүйцэтгэн боловсруулах технологийн бүхий л шатанд хүчин чадлын ашиглалт нэмэгдэж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж байна. Үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна. Монгол ноолуурын чанарыг дэлхийд таниулах “Монголын Хаан ширхэгт” тэмдэгтийг бий болгосон. Энэ нь монгол ноолуурыг гадаад зах зээлд гаргахад томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.Үүнээс гадна Монголын ноос ноолуурын холбооноос хэрэгжүүлэхээр зорьж байгаа томоохон ажил бол кашмер платформ юм. Олон улсын байгууллагуудын дэмжлэгээр 2020 оны нэгдүгээр улиралд кашмер платформыг бий болгох зорьж байна. Энэ нь төр болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийг нэгтгэсэн хамтын ажиллагааны талбар болох юм.

 

Г.Ёндонсамбуу (Монголын ноос ноолуурын холбооны дэд тэргүүн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн ухааны доктор)

Үйлдвэрлэлийн хөгжилд түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн замбараагүй систем саад болдог

-Бидний очиж ажилласан үйлдвэр бүр нэг гомдлыг хэлж байсан. 2011 онд УИХ-аасХАА-н биржийн хуулийг баталсан. Тэр хуулийн гол зорилго нь ХАА-н салбарт байгаа ченжийн давхарыг зогсоож малчид, малчдын хоршоогоор шууд зах зээл дээр бүтээгдэхүүнийг гаргадаг болъё гэсэн зорилготой байлаа. Малчид, малчдын хоршоод түүхий эдээ бэлтгээд бирж дээр ирээд дуудлага худалдаанд оруулдаг. Нөгөө талаас үйлдвэрлэгч нар ордог систем юм. 2012 онд манай төр засаг бирж байгуулахаар асар их зардал гаргасан. 330 суманд хүн явуулж судалгаа хийлгэсэн. Бүр анхны дуудлага худалдаагаа ч хийсэн удаатай. Гэтэл хууль батлагдаад найман жил боллоо, хэрэгжсэнгүй. Түүхий эд бэлтгэлийн систем улам замбараагүй болж гүйцлээ. Үйлдвэрлэгч нар хэзээ биржээ ажиллуулах вэ, алийн болгон ченжээр дамжуулах вэ гэж л асууж байна. Япончууд хэлдэг. “Та нар түүхий эдийн бэлтгэлээ анхаараач. Яагаад ийм замбараагүй байдаг юмбэ. Дуртай нь наймаа хийдэг, задгай байх юм” гэж шүүмжилдэг. Хууль батлагдаад 2012 оны сүүлчээр чимээгүй болсон. Гэтэл 2013 оны гуравдугаар сард ХХАА-н сайдын А-35 дугаар тушаал гарч, угаасан ноос, самнасан ноолуур экспортолсон үйлдвэрлэгчдээс татвар авдаг болчихсон. Нөгөө бирж маань хөдөө явахаа болиод бэлэн угаасан ноос самнасан ноолуураасаа татвар аваад суудаг ажилтай болсон доо. Манай төр засагт ямар хууль гаргалаа, аль нь хэрэгжиж байна гэж буцаж анхаардаг механизм байхгүй. Хууль батлаад л хаяад, дэвхрэг шиг эргэж харахаа мэддэггүй. Түүний нэг тод жишээ 2015 онд онд батлагдсан хонины ноос, тэмээний ноосонд урамшуулал олгох журам. Хонь, тэмээний ноос бэлтгэсэн малчид үндэсний үйлдвэрлэлд түүхий эдээ тушаавал урамшуулал олгоно гэж. Улс төрийн шийдвэр шүү дээ энэ чинь. Өөрт ашиггүй зүйл дээр манай төрийнхөн огт хөдлөхгүй. Үе, үеийн сайд нарт бид энэ асуудлыг уламжилж ирлээ.Үнэхээр үйлдвэрлэлийн хөгжил дэвшилд саад болж байгаа зүйл бол түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн замбараагүй систем болчихоод байна. Үйлдвэрлэл нь нэмэгдээгүй мөртлөө жилд хэдэн тэрбумаар олгож байгаа ноосны падааныг зогсоох хэрэгтэй байна.

 

Д.Батбаяр (ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн инженерчлэлийн салбарын эрхлэгч)

Ээрэхийн үйлдвэрийн технологийн импортод гаалийн хөнгөлөлт шаардлагатай байна

-Үнэхээр энэ цаг үед Монголын ноос, ноолуурын салбарт аттестатчлал хийх цаг нь болсон. Анхан шатны үйлдвэрүүд бол хүчин чадлын хувьд хангалттай. Угаах ялгах самнах ноолуурын чиглэлийн үйлдвэрүүд сайн ажиллаж байна. Гэхдээ хоёр янз байна. Жишээ нь монгол эзэнтэй томоохон компаниуд бол нийгмийн хариуцлагаа ухамсарласан, ажилчдын хөдөлмөрийн нөхцлийн сайн хангаж чаддаг болж. Харин гадны хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд ажилчдынхаа ахуй хангамж дээр анхаарах шаардлага байна. Сүлжихийн үйлдвэрүүд экпсортын чиг баримжаатай болж, бүтээгдэхүүний чанартаа их анхаардаг болсон байна. Олон улсын стандартыг ч хэрэгжүүлж байгаа үйлдвэрүүд олон байлаа. Зөвлөх багийн зүгээс анхан шатны зарим үйлдвэрт цэвэршүүлэх байгууламжтай болох, ээрэхийн үйлдвэрүүд ХААБ-аа хангах тал дээр зөвлөсөн байгаа. Харин үйлдвэрүүдийн хувьд нэгэнт манайх техник технологи үйлдвэрлэгч орон биш учраас гаднаас техник технологи авахдаа монгол ноос, ноолуурынхаа онцлогт тохируулж захиалах шаардлагатай байгаа юм. Нөгөө талаар гаалийн хөнгөлөлтүүд боловсруулах үйлдвэрийн салбар дээр, тухайлбал, ээрэх үйлдвэрт шаардлагатай байна.

Д.Энхтуяа (ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, доктор, профессор)

Олон улсын сүлжмэлийн үйлдвэрт хэрэглэдэг “Штол”, “Шима Сейки” машинууд манайд 800 гаруй байна

-Дэлхий даяар дулаарал болж байна. Хүн төрөлхтөнд эрүүл хүнс хэрэглэхээс гадна эрүүл хувцас эрэлттэй болж байна. Үүнд манай ноолууран бүтээгдэхүүн хамгийн сайн зохицож байгаа салбар. Тэд нимгэн хувцсыг өмсөх ёстой, тэгсэн мөртлөө дулаан байх ёстой. Энэ чиглэлээр монгол үйлдвэрүүд анх 28 номерийн ээрмэл хийдэг байсан бол үүнийгээ өндөрсгөх хэрэгтэй болж байна. Үйлдвэрлэгчид болон манай судлаачид хамтран ноолуураар хагас нарийн ээрэх систем шинээр бий болгож байна. Үүнийг боловсруулахдаа монгол ноолуурын нарийн урт уян чанар дээр үндэслэж 48 номерын утас хийж сүлжмэл бүтээгдэхүүн оёлоо. Ингэснээр дотуур сүлжмэл бүтээгдэхүүнийг бий болгох боломжтой болсон. Дотуур сүлжмэл бүтээгдэхүүн олон улсад хамгийн эрэлттэй байгаа. Ээрэх нэхмэлийн хувьд нэгэн жигд 24-28 номерын утас хийгээд байгаа. Цаашид бид утасныхаа номерыг өндөрсгөх хэрэгтэй.  Ерөөсөө ээрмэлийн чиглэлийн инноваци бол өндөр номерын ээрмэл үйлдвэрлэх чиглэлд явдаг.

Аттестатчлалын үеэр бид тоног төхөөрөмж дээр үнэлгээ өгсөн. 100 гаруй үйлдвэрт тоног төхөөрөмжийн үнэлгээг хийгээд 4.1 гэсэн үнэлгээг тавилаа.  Энэ бол маш өндөр үнэлгээ. Олон улсадхэрэглэж сүлжмэлийг үйлдвэрийн автомат машин Германы “Штол”, Японы “Шима Сейки” фирмийнмашин голлодог. Манайд энэ төрлийн машин 800 гаруй байна. Түүнийг ашиглаж эзэмших мэргэжилтэн бэлддэг сургалтын төв ШУТИС дээр “Шима Сейки трайнинг центр” гээд байгаа. Харин манай үйлдвэрүүд технологи дээрээ тоног төхөөрөмжөөсөө бага оноотой дүгнэгдсэн. Технологи гэдэг зөвхөн машин тоног төхөөрөмжөөр хязгаарлагдахгүй. Тоног төхөөрөмжийг хүн удирдаж байгаа болохоор хүний мэдлэг чадвар, түүхий эдтэй уялдсан бүх л асуудал байгаа.

Ололттой талууд гэвэл ноос ноолуурын үйлдвэрүүд хөрөнгө оруулалт сайн хийгдсэн. Ялангуяа ээрэх үйлдвэрүүдийн хүчин чадал нэмэгдэж байна. Хялгас ялгах, сүлжмэлийн үйлдвэрлэлийн хүчин чадал ч тэр. Нэхмэл ч нэмэгдэх хандлагатай байна гэдэг боловсруулах үйлдвэрлийнхээ чиглэлд хөгжиж байгаа нь харагдсан. Харин жаахан тааруухан зүйл нь хүчин чадлын ашиглалт. Хамгийн дээд хэмжээндээ гэхэд сүлжмэлийн үйлдвэр 0.8 хувиар л ашиглаж байна. Салбарын хэмжээнд 0.4-0.6 хувьтай л байна. Маш их үнэтэй тоног төхөөрөмжийг хий хоосон зэврээж байна. Энэ чинь түүхий эдийнхомсдол байгааг харуулж байгаа хэрэг. Мэдээж нийт салбараараа хүний нөөцийн асуудалтай гарсан.

 

Я.Оюунтунгалаг (ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн технологийн менежментийн салбарын профессор доктор)

Ноолуурын салбарт зорилтот зах зээлээ олж харах шаардлагатай

-Салбарын нийт ажилт­нуудын 75 хувь нь эмэгтэйчүүд байна. Ажиллах хүчний хувьд 20.1 хувь нь 25 нас хүртэлх, 26-45 нас хүртлэх 65.2 хувь, 46-аас дээш насныхан 14.6 хувь байна. Үүнээс харахад залуу ажилчид нэлээд байна. Ахмад ажилчдын халаа гэдэг асуудал үүсч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, ахмад хүмүүсээс  мэдлэг, туршлага уламжилж авах тухай. 26-45 насныхан энэ салбарын нэлээд том цөм байна. Тэр дундаа эмэгтэйчүүдийн эзлэх хувь хамгийн өндөр байгаа учраас эмэгтэй ажилчдын нийгмийн асуудлаас эхлээд тулгамдаж байгаа зүйлс бий. Яахав зарим үйлдвэр дотроо цэцэрлэг байгуулсан байсан нь олзуурхууштай.

Тэгвэл үйлдвэрүүдэд кительчин, програмист, өртгийн инженерчлэлийн эдийн засагч гэсэн мэргэжилтэй ажиллах хүчин дутагдалтай нь энэ үеэр ажиглагдлаа. Кительчин гэхэд манай энэ салбарт өнөөг хүртэл бэлтгэгдэггүй. Энэ бол салбар хоорондын уялдаа холбооноос болдог асуудал. Харин маркетингийн хувьд гадаад зах зээл рүү илүү баримжаалаад явчихаж байгаа. Улам их ур чадвар мэргэжлийн шаардлага мэдэх хэрэгтэй. Маркетингийн хувьд гол анхаарах зүйл бол манайх бүхлээр нь харж яриад байдаг. Яг үнэндээ хэрэглэгч, тэр дундаа зорилтот хэрэглэгч нь хаана, хэн байна вэ гэж харах ёстой. Жишээ нь, цамцын эрэлт яг хаана байна, одъяал хэрэглэгчид хаана байдаг гэх мэт. Загвар зохион бүтээлт маркетингийн судалгаа хоёр цуг явдаг. Тэгэхээр дэлхийнийтийн загварын чиг хандлагыг ч давхар тусгаад явах шаардлага харагдаж байна.

С.Баяр (“Хэрроу” компанийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер)

Тогтвортой үйлдвэрлэлд текстилийн чиглэлийн химич, технологич, инженерүүд чухал

-Манайх хими технологийн багийнхан. Манай багт Монгол Улсын зөвлөх инженер, Англид докторын зэрэг хамгаалсан чадвартай мэргэжилтнүүд багтаж энэ удаагийн аттестатчлалыг хийлээ. Бид үйлдвэрүүдэд хими технологийн талаас олон зүйлд анхаарахыг хичээсэн. Үйлдвэрүүдийн химийн бодисын хэрэглээ, түүнд тавих хяналт ямар байна, ХААБ, тогтвортой үйлдвэрлэлд голлон яригддаг ус эрчим хүчний хэмнэлттэй зарцуулалт, сав баглаа боодлын чанар стандарт гэх мэт олон чиглэлд хяналт хийсэн. Хамгийн гол тогтвортой үйлдвэрлэл явуулахад текстилийн чиглэлийн химич, технологич, инженер чухал мэргэжил. Энэ мэргэжлийн хүмүүс манай салбарт гарын таван хуруунд багтахаар л байдаг.

Түүнчлэн манай үйлдвэрүүдийн угаах, будах технологи дээр анхаарах зүйлс байгаа нь ажиглагдсан. Гүйцэтгэн боловсруулалт ч тулгамдаж байгаа асуудал мөн. Үүнийг үйлдвэрийн хими технологич хамгийн эхнээс нь зөв удирдаж байхёстой. Энэ талын хүмүүс манайд дутагдалтай байна. Бүх үйлдвэрүүдийг гурав хувааж дүгнэж үзсэн. Хагас ба бүрэн цогцолбор буюу угаахаас эхлээд бэлэнбүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүд, хоёрт сүлжмэл ба жижиг дунд үйлдвэрүүд. Энэ нь утас аваад сүлжээд гүйцэтгэн бодловсруулж гаргадаг үйлдвэрүүд. Гурав дахь нь анхан шатны үйлдвэрүүд. Энэ дундаас харахад манай салбарт жилд 344 тонн будаг, химийн бодис ашигладаг. Түүний 42 хувь нь Европт үйлдвэрлэсэн, үлдсэн хувь нь БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Хагас ба бүрэн цогцолборт үйлдвэрүүд бүрэн Европын стандарт хангасан химийн бодис хэрэглэж байгаа. Жижиг дунд үйлдвэрүүд ч Европ руу бүтээгдэхүүнээ гаргадагболсон учраас 80 хувь нь Европын стандарт хангасан будаг, химийн бодис хэрэглэдэг юм байна. Харин анхан шатны угаах үйлдвэрүүд бол бүгд БНХАУ-д үйлдвэрлэсэн саван хэрэглэж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй.