“Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилт” чуулган боллоо

Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилт” чуулган 2019 оны 11 сарын 22-ны өдөр Шанг рила зочид буудалд болж өндөрлөлөө.

Чуулганд эдийн засгийн голлох салбарууд болох эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр, аж үйлдвэр, хог хаягдлын салбарууд, хувийн хэвшлийнхний төлөөллүүд оролцож, хөгжлийн бодлого,  хөтөлбөрт тусгагдсан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар зорилт, хувь нэмрээ ярилаа.

Төрийн байгууллагуудын зүгээс ХХААХҮ-ийн “Бодлого зохицуулалтын алба”-ны дарга Д.Батмөнх, эрчим хүчний салбараас “Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга О.Бавуудорж, Зам тээврийн яамны “Авто зам, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”-ын дарга Ж.Сэрээтэр нар оролцож уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулахад тодорхой бодлого, тооцоолол судалгаан дээр үндэслэсэн бодлогын төлөвлөлт хийн ажиллаж буйгаа илэрхийллээ.

Хувийн хэвшлийг төлөөлж Хөгжлийн банкны захирал Г.Амартүвшин, “Клийн Энержи Ази” компанийн Гүйцэтгэх захирал Э.Орчлон, Барилгын үндэсний ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Б.Чимэгцэцэг, Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав, МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар тус хэлэлцээрт оролцож салбар тус бүрийнхээ ногоон хөгжлийг тодорхойлох төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцэж, ногоон үйлдвэрлэл, ногоон хөгжлийг бий болгоход төрийн оновчтой бодлого, зохицуулалт хийхгүй шаардлагатай байгааг хэлж байв.

Түүнчлэн ноос, ноолуурын салбар мал аж ахуйн салбартай нягт уялдаа холбоотой үйл ажиллагаа явуулдаг учир нийгмийн хариуцлагатай, тогтвортой ногоон хөгжлийг бий болгох талаар олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран зорилтот төслүүдийг төлөвлөн хэрэгжүүлж, малчдыг чадавхижуулахад хувь нэмрээ оруулж талаар дурьдлаа. МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэлсэн үгэндээ:

  • Ноос ноолуурын салбарыг ногоон болгох ажлын хамгийн эхэнд угаах технологийн асуудал байгаа. Энэ салбарын үйлдвэрлэлийн зардлын 40-50 орчим хувь нь эрчим хүч, усанд зарцуулагддаг буюу өндөр зардлаар үйлдвэрлэл явуулдаг салбар. Иймд угаасан ноолуурын экспортыг хориглох асуудлыг шийдэх чухал. Ноолуурын салбар өөрөө их онцлогтой, хэрэглэгчдийн өндөр шаардлагатай зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Тиймдээ ч сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ явуулдаг. Үүнийгээ дагаад өндөр мэргэшил, чадвартай боловсон хүчин шаардагддаг боловч манай салбарт ажиллах хүчин дутмагшилтай байдал тулгамдсан асуудал болоод байна.Үүнээс гадна татвар, эрх зүйн орчин болон хөрөнгө оруулалтын урамшууллын бодлогыг шийдэх хэрэгтэй байна. Энэ мэтчилэнгээс харахад манай салбарт  төрийн оновчтой бодлого, зохицуулалт хийхгүйгээр тогтвортой ногоон үйлдвэрлэл, ногоон хөгжлийг бий болгоход хүндрэлтэй тулгардаг” хэмээн онцолсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй.