Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтарсан уулзалт хийлээ

МННХ нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын /ОУХБ/ “Байгальд Ээлтэй Үйлдвэрлэл ба Тогтвортой Хөгжил” Төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд мэдээлэх солилцох, асуумжид бэлдэх зорилгоор ээлжит уулзалтаа амжилттай зохион байгууллаа. Уулзалтад тус Холбооны Гүйцэтгэх Захирал Д.Алтанцэцэг, ОУХБ-ын Ахлах мэргэжилтэн Кристина Мартинез, Сидней Технологийн Их Сургуулийн Судалгаа Хариуцсан Захирал Доктор Саманта Шарп, НҮБ-н мэргэжилтэн н.Болормаа нар байлцлаа. Уг төсөл нь Швед Улсын Засгийн Газрын санхүүжилттэй ба Монгол, Энэтхэг, Тайланд, Бангладеш, Индонез, Мьянмар, Вьетнам, Хятад зэрэг Азийн найман оронд хэрэгжих юм.

Энэхүү төслийн зорилго нь ноос ноолуурын салбараас гарч буй бараа бүтээгдэхүүнийг гадаад орнуудын худалдан авагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэх буюу “Байгальд ээлтэй – Эко – Ногоон” үйлдвэрлэлийг дэмжих, энэ зорилгодоо хүрэх үе шатуудыг дэс дараатайгаар хэрэгжүүлэх юм. Эдгээрийн нэн тэргүүнд тавигдах зорилт нь тогтвортой нэхмэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэл санааг нэг болгох, чадавхи сайжруулах сургалтуудыг зохион байгуулах, байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, тогтвортой үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулдаг өндөр хөгжилтэй бусад орнуудын туршлагыг солилцох аялал зохион байгуулах юм.

Уулзалтад зочноор “Үлэмж Кашмер”, “Сор Кашмер”, “Кашмер Холдинг” Компаниудын удирдлагууд ирж салбарын өнөөгийн байдал, санал онол, тулгамдсан асуудлуудын талаар нээлттэй хэлэлцлээ. Эдгээрт, байгаль орчинд ээлтэй байх үүднээс угаалгад ашигласан усаа үйлдвэрүүд шууд өөрсдөө цэвэршүүлэх нь зүйтэй боловч цэвэршүүлэх байгууламж барих газар талбайгүй, санхүүгийн хүндрэлтэй байгаа зэрэг тулгамдсан асуудлуудыг хөндсөний дотроос боловсон хүчин дутагдаж буйг нэн тэргүүнд анхаарах хэрэгтэйг онцлон хэлж байв. “Байгальд Ээлтэй Үйлдвэрлэл ба Тогтвортой Хөгжил” төслийн судалгаа хийгдэж, үр дүнгийн сургалт семинараар үргэлжилнэ. ОУХБ-д бүртгэгдсэнээр 2020 оноос хамтын ажиллагаа хэрэгжиж эхлэх юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй.