Олон улсын стандартад нийцсэн “Монголын Хаан Ширхэгт”-ийг танилцууллаа

 

Хүн мал байгальд ээлтэй, чанарын баталгаатай ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжийг өргөтгөх “Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо.

Монгол Улсын Засгийн газар 2018 оноос хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Үйлдвэржилт 21:100”, “Монгол Экспорт”, “Ноолуур” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд монгол ноос ноолуурын чанар, давуу талыг дэлхийд таниулах зорилгоор “Монголын хаан ширхэгт” тэмдэгтийг хөгжүүлж байгаа юм. Монголын болон дэлхийн 30 гаруй орны оюуны өмчийн байгууллагад бүртгэлтэй энэхүү тэмдэгт нь тухайн бүтээгдэхүүн олон улсын стандартад нийцсэн, чанартай, цэвэр монгол ноос ноолууран бүтээгдэхүүн болохыг баталгаажуулж буй. Харин одоо энэхүү тохирлын тэмдгээ олон улсад таниулж нэр хүндийг нь өсгөх маркетинг хийх хэрэгтэй байгааг албаны хүмүүс хэллээ.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: “Ноолуурын үйлдвэрлэл манай улсын нийгэм эдийн засагт томоохон жин дарж байгаа ч байгаль орчин, бэлчээрийг сэргээхэд хүрэлцэхүйц нэмүү өртөг бий болгож чадахгүй байна. 2018 онд ноолуурын салбарын нийт экспорт 390 сая ам.долларт хүрч өмнөх оныхоос 21 хувиар өссөн. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар 380 сая орчим ам.долларын экспорт хийжээ. Бид цаашид түүхий ноолуурын боловсруулалтыг 60 хувьд хүргэж боловсруулах, ээрэх үйлдвэрийг хүчитгэж жилд 10 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн экспортлохыг зорьж байна. Монголын хаан ширхэгт ноос ноолууран бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд танигдсан нэр хүндтэй брэнд бий болгох ажил эхэлсэн” хэмээв.


АХБ-ны Зүүн хойд Азийн салбарын Байгалийн нөөц, ХАА-н хэлтсийн захирал Чинфенг Жанг: “Монгол Улсын ноос ноолуурын салбар бол эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой, олборлох салбарын дараа орох томоохон салбар юм. АХБ сүүлийн 10 жилд Монголын ноос ноолуурын салбарын хөгжилд 14 сая ам.долларын буцалтгүй тусламж, 4 сая ам.долларын тоног төхөөрөмж, 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгожээ. Энэ салбарт бид гурван түлхүүр хүчин зүйлийг эрхэмлэн ажиллаж байна. Нэгдүгээрт, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, хоёрдугаарт, худалдаа маркетингийг дэмжих, гурвдугаарт ноолууран бүтээгдэхүүний түүхий эд эмзэг учир малчидтай хамтран ажиллахад анхаарч байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй инновац, эдийн засаг болон улс орны хөгжилд стратегийн ач холбогдолтой “Ноолуур” хөтөлбөрийг бүх талаар дэмжин ажиллахыг хичээж байна” гэв.

УИХ-ын гишүүн, Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ: “Монгол ноолуур урт, өнгө, микроны хэмжээгээрээ олон улсад үнэлэгддэг. Дэлхийн ноолуурын зах зээл 20 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Манай улс дэлхийн нийт ноолуурын бараг тал хувийг хангаж байгаа улсын хувьд бидэнд энэ хэмжээний боломж байна гэсэн үг. Ноолуурын холбоо энэ салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх том зорилт тавьж байна. Өнөөдөр бид “Монголын Хаан ширхэгт” чанарын тэмдэгтээр бүтээгдэхүүнээ олон улсын чанар стандартад нийцүүлснээ зарлалаа” гэлээ.

Энэ үеэр Ханбогд Кашимер ХХК-ийн самнасан ноолуур, Эвсэг ХХК-ийн сүлжмэл бүтээгдэхүүн, Говь ХК-ийн самнасан ноолуур ба сүлжмэл бүтээгдэхүүн Монголын хаан ширхэгт тохирлын тэмдэгтийн гэрчилгээгээ авсан юм. Цаашид эх орноосоо түүхий эдээ бэлтгэдэг, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангадаг, нийгмийн хариуцлагатай, бизнесийн ес зүйтэй, тогтвортой үйлдвэрлэгч компаниудад Монголын хаан ширхэгт тэмдэгтийн гэрчилгээ олгох ажээ.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески: “Өнөөдрийн энэхүү чуулганыг зохион байгуулахад Японы ЭСЯ, АХБ болон Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ-д оролцож байгаад баяртай байна. АНУ-ын ЭСЯ мөн уг чуулганыг дэмжин оролцож байна. Саяхан Нью-Йорк хотод амьдардаг хүү минь тэндхийн метронд гарсан Монголын ноолуурын компанийн сурталчилгааны зургийг явуулсан. Энэ бол Монголын ноолуурын компаниуд Америкийн зах зээл рүү хүч түрэн орж байгаагийн нэгэн жишээ юм” гэв.

Монголын ноос ноолуурын холбооны Баталгаажуулалтын албаны дарга Б.Баясгалан: “Манайх бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавигддаг олон улсын ISO 17:065 стандартыг хангасан. Энэ стандартын дагуу бүх бодлогын баримт бичиг, дүрэм журмаа боловсруулдаг учир “Монголын хаан ширхэгт” тэмдэгтийн баталгаажуулалт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн” гэлээ.

Манай улс жилд 10 мянган тонн ноолууран бүтээгдэхүүн экспортолдог. Үүнийхээ хоёр мянган тонныг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгоод үлдсэнийг түүхийгээр нь экспортолж байна. Экспортолсон түүхий ноолуур маань БНХАУ болон бусад улсын нэрийн дор эцсийн бүтээгдэхүүн болдог. Тиймээс монгол ноолуурын нэр хүндийг өсгөж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гарц нь “Монголын хаан ширхэгт” тэмдэгтийн тохирол болж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй.